
Америкийн их зохиолч, яруу найрагч Эдгар Аллан По (1809 -1849) “Доголон Төмөр” хэмээх өчил найраглалаа Виргиний Их сургуульд сурч байхдаа 18 настайдаа туурвиж, 1827 онд анхны түүвэртээ нийтлүүлсэн байна. Тэрбээр энэхүү 406 шад найраглалаа 1829 онд хоёр дахь түүвэртээ хэвлүүлэхдээ 243 шад болгож хасчээ. Ямар учраас хассаныг тайлбарласан зүйл олдоогүй бөгөөд гадаадын олон хэлээр орчуулсныг үзэхэд сүүлчийн хувилбарыг баримталдаг аж. “Доголон Төмөр” гэдэг нь Эзэн Чингисийн хүү Цагаадай хааны Дундад Азид байгуулсан Их Гүрний голомтод мэндэлсэн. Монгольш Барлас овгийн Тарагайн хүү Төмөр (1336 -1405) мөнөөсөө мөн.
Залуу наснаасаа хаан ширээний төлөө олон жилийн хурц ширүүн тэмцэлд оролцож явсаар 1370-1405 онд Эмир (Хаан) суусан төрийн гарамгай зүтгэлтэн, алдарт жанжин, Төмөрийн Улс- Моголистан гэж дуурссан Их Гүрний Эзэн болой. Моголистан гэж түрэгжсэн утгаар Монгол Улс гэсэн үг аж. Төмөр нэгэн их тулалдааны үед баруун хөл, тохойдоо хүнд шархдаж доголон болсон учир түүнийг “доголон” хэмээн хочлох болсон юм. Харин энэ хоч нь сүүлдээ дайчин эрийн алдар болон хувирчээ. Төмөр Эзэн Чингисийн хожмын үеийн удам Жалайр овгийн Өлзий Турхан – Ахайтай гэрлэж, Алтан урагтай холбогджээ.
Залуу зохиолч, оюутан Эдгар По өөрөөсөө хэдэн зууны өмнө дэлхийг донсолгож явсан монгол угсааны Доголон Төмөрийн тухай энэхүү найраглалыг бичих эх сурвалжийг хаанаас олсон, яаж бичиж чадсан гэдэг нь гайхаш төрүүлдэг гэж судлаачид тэмдэглэсэн. Судлаач Киллис Кампбэлл бичихдээ, Эдгар По Лондонд сурагч байх үедээ, түүхийн хичээлд Tamerlane (Lane гэж Тажиг хэлээр доголон гэсэн үг) буюу Доголон Төмөрийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар үзсэн байж болох, эсхүл 1820 онд Ричмонд хотод ирснийхээ дараа Төмөрийн түүхтэй холбогдох зарим зүйлтэй танилцсан байх гэж үздэг. Харин баттай нэг мэдээ бол Английн нэрт жужгийн зохиолч Кристофер Марлоу (1563 – 1594) дэлхийн утга зохиольш алтан санд орсон “Агуу их Төмөр хаан” хэмээх жүжгийнхээ 1590 онд хэвлүүлсэн номын нүүрэн дээр бичихдээ:
“Энгийн нэгэн малчнаас ер бусын гайхамшигт эрч хүч, эрдэм чадал, цог заль, авьяасаараа ертөнцийн хамгийн хүчирхэг Эмир (Хаан) болж чадсан агуу их Төмөр дайн байлдаанд харгис хатуу байсан тул “Тэнгэрийн ташуур” гэгддэг байсан тухай Лондонгийн театрын тайзан дээр тоглож үзүүлэх энэхүү эмгэнэлт жүжиг хоёр үзэгдэлтэй бөлгөө” гэжээ. Энэ тухай Англид 1999 онд хэвлэгдсэн “Сүүлчийн 1000 жил” хэмээх номонд дурдсан байдаг. Эдгар По тэрхүү алдарт жүжгийг үзээд найраглал бичих санаа төрснөө нөхдөдөө хэлж байсан удаатай гэнэ.
Төмөр түм түжигнэж, бум бужигнасан газар эр зориг гарган эцэг дээдсийнхээ алдар нэр, сүр сүлдийг барин босож тэмцэж чадсанаар, ялан дийлж, Самарканд нийслэлтэй ‘Төмөрийн Улс” хэмээх агуу их гүрний эзэн болсон ажгуу. Дашрамд дурдахад, Төмөр Их эзэн Эмир гэгдэж байсан хэдий ч “Хаан” гэгдэж байгаагүй. Гэвч Чингисийн алтан ургийн удмын хоёрын ч зэрэг ноёныг өөрийн улсын Хаанд өргөмжилж, бэлгэдлийн чанартай эрх ямба эдлүүлж, Их Хурилдайн тэргүүнд залж байсан тухай түүхэнд өгүүлдэг. Харин Эдгар По түүх намтрыг бус, гол баатрынхаа дотоод сэтгэхүй, хүсэл мөрөөдөл, ерийн хийгээд ер бусын зориг тэмүүллийг нь яруу найргаар гаргахыг зорьсон нь илт. Олон судлаач энэ тухай санал нэгтэй тэмдэглэсэн аж.
“Доголон Төмөр” /Өчил найраглал/
Энх амар байж нөгчвөл өтөл насны зол! гэж
ЭцэгТа хэлдэг ч, би (одоо) энэ сэдвээр ярихгүй.
Элдэв явдлыг дэнслэхдээ, их нүгэлтэн хэмээн
Энэ дэлхийн өмнө өвдөг сөгдөн мөргөх
Өөдгүй тэнэг үйлдэл хэзээ ч хийгәэгүй гэдгээ
Өөрөө би бахархал дүүрэн өчих минь!
Үүнийг Та, өөдөө дүрэлзсэн гал шиг итгэл гэдэг.
Үнэндээ бол, өөртөв итгэх итгэлийн чадалгэлтэй.
Өө, Тэнгэр минь! Хүсч мөрөөдөхийг би чаддаг юм.
Өөдрөг эерэг бүхний үүсгэл нь болж явсан юм.
Үглэж суугаа эцгээ би мунхаг өвгөн гэхгүй.
Үнэт сургаал бэлэглэсэн мундаг сэцэн ч гэхгүй.
Оюун ухааны минь нууц тайлагдангуут
Омогтой зэрлэг аархал ичгүүр болж мэдэх ч
Ойворгон зүрх Яруу алдраа ч, ял зэмлэлээ ч
Олон үеийн хойчдоо орхин одохуйн цагтаа
Хавь ойрьш болоод холын бүх хүнд
Хувь болгон хүртээх, өв болгон үлдээх
Хаан ширээ чимсэн эрднэсийн шигтгээн дунд
Хамгийн хэцүү хал зовлонгоо ч хамт суулгана.
Тамын ёроолд тарчилгаж магадгүй, гэлээ ч
Тасдуулж алдсан нандин цэцэгсийнхээ төлөө
Таатайхан зуны нарлаг өдрүүдийнхээ төлөө
Тамлуулахаас айх нь өнгөрсөн хүн дээ, би.
Үхсэнээс хойш ч жингэнэх оршуулгьш хонхны дуу
Үгүйрсэн сэтгэлд минь чангарсаар л байх бизээ.
Орой дээрээ эрднийн титэм асаасан
Одоогийнх шигээ би хэзээ ч хаан байгаагүй.
Ромыг Цезарь-т өв залгамжлуулсантай адилгүйч
Одтой хийморьтой, нэхэл хатуу явсныхаа ачаар
Хавтай бахтай ялан дийлж зүтгэсээр
Хаан төрийг хүчээр булааж авсаан би.
Хавь ойрынх, харь холынх гэж ялгалгүй
Хамаг улсдаа хамран дагуулж захирсаан би.
Хүдэн манан татсан Таглэйн дошгин ууланд
Хүйтэн шөнийн турш шүүдэр жаварт балбуулж
Хүүхэд залуу насаа хэнэггүйхэн өнгөрүүлэхдээ
Хар үсэнд цайрах цан хяруу цацуулсан ч
Халгаатай өрсөөнд ялах хатуужлаар жигүүрлэн
Халирч үл шантрах хаттай болж өссөөн би.
Тас харанхуй шөнө дуг нойрын дунд
Тамын хар савар намайг шүүрэхээр сарвайтал
Тэнгэрээс улаан цацраг нүд гялбуулан бууж
Тэртээ үулнээс тут дарцаг өлгөөстэй даллав.
Хаан ширээ ёсон төгөлдөр сүндэрлэж
Хангинах уриа нь аянга мэт өндөрлөж
Яах ийхийн завдалгүй, дээр минь нижигнэж
Ялахын дохио өгч, их цэрэгтээн дуудлаа.
Ядуу хүү! Гэвч би өсч өндийх л учиртай.
Ядруухан уухай, Гэвч миний анхны уухай.
Аяа! зориг санаа минь ямар их сэргэсэн гээч!
Аман дээр гарч ирсэн, миний өөрийн уухай,
Азьш тэнгэр түших байлдааны уухай,
Алдрын титэмд хүрэх Ялалтын уухай!
Аадар бороо, ширүүн салхинд нэвт цохиулж
Амь хоргодох газаргүй, арга тасарсан би
Арайтаа л, нүдэн балай, чихэн дүлий болсонгүй.
Аавын хүү байна даа хө, энэ зэргийн
Аюул бэрхийг давсан цагт л, хүмүүс надад
Алдар хүнд, Аху төрийг соёрхоно гэж бодов.
Олон түмнийг олзных болгон дагуулж авбал
Оронцог төдий хаад ноёдыг онхолдуулж чадвал
Оройн дээд Эзний ширээнд залрана даа чи! гэж
Оволзон шуурсан хуй салхи чихэнд минь түрхэрлээ.
Азгүй золгүй явсан тэр хэцүү цагаас л
Адтай их хор шар тэсгэлгуй оволзон буцалж
Төрийн толгойд гарахдаа хариугаа авах
Төрөлхийн араншинг зөвхөн эцгээс өвлөөгүй.
Хал үзэж, халуун чулуу долоож өссөн
Хар багын минь хатуу чанар билээ л.
Харанхуйн дунд асах гал нь болж
Хаан төрөө засах итгэл зориг нь болж
Төмөр зүрхтэй эр хүн шиг эре явнаа би.
Тамир дорой эм хүн шиг эс явнаа би.
Хайр сэтгэлийн охийг илэрхийлж хэлэх үгс
Хайгаад хайгаад би хаанаас ч олсонгүй, чааваас!
Илүү царайлаг хөөрхнийг мөрөөр нь мөшгөөд ч
Энэ нь сайхан гэж дүрслэх аргагүй, харваас.
Сайхан дүр нь, яг хэвээрээ, санааңд ургалаа ч
Салхинд замхрах шүүдэр мэт дуртгал төдий.
Эрт багын минь дэмий үг эрээчсэн цаас шиг
Эргүүтэтлээ үоглээд ч гаргахгуй захидал шиг
Энэ бүхэн хоосон мөрөөдөл байсан болохоор
Эргэх цагийн урегалд утга нь уусан замхарчээ.
Азаар учирсан бүсгүй минь, аргагүй амрагмөнсөн.
Анхных гэмээр хайрыг минь, амтлуулж өгсөн хүн сэн.
Эйнжэл охин тэнгэр ч атаархмаар байсан сан.
Элдэв алдсаас аврах, ариун нандин шүтээн сэн.
Анхил багаас зүрхэнд, амьсаж ирсэн итгэл сэн.
Андуу эндүүгээс ангид, арвижиж ирсэн билэг сэн.
Алдрайхан хүүхдийнх шиг, амар цайлган зан сан.
Ажил дадлынх нь жишээнээс, авч сурах юм их сэн.
Гэтэл би яагаад, энэ бүхнээ гайтуулж орхив?
Гэрэл гэгээтэй итгэлээ галдан шатааж одов?
Онгон байгаль, ой хөвчөөр хамт л хэсүучилж
Онц л дотно хайрлаж дурлаж өссөн бид
Осгом өвлийн жаврыг хүүхэн биеэрээ халхалж
Орой дээр наран ээхүйд, инээж баясаж явсан сан.
Огторгуйн цэнхэр мандал, огт оргүйд уусахуйяа
Оронд нь хүүхний мэлмий намайг л ширтдэг сэн.
Өсөх залуу насандаа дурлал амтлая гэвэл
Өөр юунаас ч бус, зүрхээрээ л мэдэрмээр!
Үд дундын наран гэрэлтээд ирэхүй мэт
Өхөөрдөм бүсгүй залирхуу охинсог инээж
Үнэн гэгээн талимаарал өөдөөс тосохын цагт
Өчүүхэн зуур ичиж зовох минь арилахуйд
Өөрөө би зориглон очиж, тэврээд авсаан.
Үг хэлэх гэж дэмий будилахын хэрэггүй,
Өдөж тэвэрсний учрыг хүүхэн асуухгүй,
Өөдөөс талимаарах харцанд айдас харагдахгүй.
Д.Бямбаа
Үргэлжлэл бий
Өнөөдөр сонин 2009.10.26 246
Tags: Доголон Төмөр
9 comments so far
Leave a reply