Цогт тайжийн хадны бичээс

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших  Цогт тайжийн бичигт хадны 386 жил  тохиож байна.  Цогт тайж 1624 оны намар  ан хийж яваад авга эгчийгээ санан  бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тус сумын төвөөс урагш  20-иод километр зайд орших  Тарамцагийн уулсын шувтарга Хутаг  хэмээх уулын өвөрт байдаг тэр  хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг  дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн  гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод  харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг уншигчиддаа   хүргэе.

Нэгдүгээр бичээс: Цагаан тахиа жилийн намрын эхэн сарын  хорин нэгнээ Цогт тайж Хангай ханы цэцэрлэгийн хойд ууланд авлан, хуягт  халтараа унаад, өндөр дээр гарч байхдаа  зүүн зүг харан сэтгэлээр маш  уярч халагуут авга эгч юүгээн санаж  ийн өгүүлээд уйллаа.

-Дээд тэнгэр  ханы ахуй хийгээд

Дэлхий дахь хан  богдусун ахуй газар

Дээр дорын ялгал  болбоос бээр

Жаргал хайрлал  хоёрын агаар нэгэн буй

-Аганистайн агуй  дахин бодисдва нар хийгээд

Алтан дэлхий дахь бодь сэтгэлтэн  хоёрын

Ахуй газар ангид  болбоос

Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй

-Энд хан богдусун  сайн түшмэд хийгээд

Эргүүлэгч Эрлэг  хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр болбоос  зөв бурууг ялгахуйн агаар нэгэн  буй

-Олз идэш олон  ядагч хүмүн хийгээд

Уул модонд явагч  араатан хоёрын

Ахуй бие ангид  боловч

Алан идэхүйн  агаар нэгэн буй

-Хол ойроос хулгай  хийгч хүмүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие өөр боловч

Идэхүй хүсэх  сэтгэлийн агаар нэгэн буй

-Онон мөрөнд  ахуй халагуут эгч минь хийгээд

Орхон туулд агч  эвчит бидэн хоёр

Халх оннигуудын газар хол болбоос бээр

Хайрлан саналцахын агаар нэгэн буй

-Энэ биедээн  эс золголцвоос

Үүнээс хойш төрөл  тутамдаа

Эх нь ганц хүүхнээ  хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах  болтугай …

Хэмээн хайлан өгүүлсэнийг  нь хамт агсан Эрх хиа тогтоож  сударлан авсныг хойно дөрвөн жил  болоод мөн хулгана жилийн /1624он/ нэгэн сарын арван наймнаа  Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив.

Шүлгийг сурвалжлан олж, шинжлэх ухааны судалгааны гүйлгээнд  оруулсан тухайд эрдэмтэн Ц.Сандаг бичихдээ:

“1912 онд монголч  эрдэмтэн В.Л.Котвич Монголд ирээд  буцах гэж байхдаа Мишиг гүний  хошууны Дуутын хар чулуу гэдэг  газар бичигтэй хад байдаг  тухай мэдээ авсан байна.  Нэгэнт  хугацаа давчидсан учраас тэр  бичгийг хуулбарлуулж илгээхийг  Гадаад яамны сайд Ханд вангаас  хүсчээ.  Ханд  ван тэрхүү хүсэлтийг  ёсоор болгож уул хуулбарыг  Жамсраны Цэвээнээр дамжуулан  В.Л.Котвичид илгээсэн ажээ.1923 оны  5-р сарын 31-нд В.Л.Котвич Оросын  Археологийн нийгэмлэгийн Дорно  дахины салбарын хуралдаан дээр  уул бичээсний тухай товч мэдээлэл  хийсэн байна.1925 онд жуулчин П.К.Козлов  Мишиг гүний хүрээний хошуугаар  уул бичээсийг гэрэл зурагт  буулгаж авсан ажээ. Энэ гэрэл  зургийг Б.Я.Владимирцовт уншуулахаар  өгсөн байна.Үүнийг мэдээд В.Л.Котвич  ч нөгөө хуулбараа бас Б.Я.Владимирцовт  өгсөн байна. Б.Я.Владимирцов “Халхын  Цогт тайжийн хадны бичээс”гэдэг  өгүүлэл бичиж “СССР-ийн ШУА-ийн  мэдээ” сэтгүүлийн 1926 ба 1927 оны  дугаарт нийтлүүлсэн байна”гэжээ.Үүнээс  хойш судалгааны олон бүтээлд  уг шүлгийн тухай шинжлэн дүгнэсэн  материал хэвлэгджээ.

Хоёрдугаар бичээс: Саманда бадари хийгээд  Аминдиваа ба Шигмунь бурханаа мөргөмүй.Хий  очир хийгээд Варагай эх ба Базарвааньд  мөргөмүү …

Чингис хааны  үр Очир хааны ач Халхын цогт тайжийн  зарлигаар дайчин хиа,   Гүен баатар хоёр Монголын хутагт хааны учираа Чингис хааны төрсөн усан морин жилээс инагш дөрвөн зуун жаран дөрвөн жил  болсноо,  жилийн эх хулгана жил, сарын эх гал барс сарын арван  таван,    их цагаан өдрөө хаш  эрдэнэ мэт хаданд бичив.

Д.Лхагвамаа
МОНЦАМЭ

Be Sociable, Share!

6 Comments

  1. Энхтайван

    Мундаг том агуулгатай юм байнаа. Өдөрөө ч тааруулж буулгасан бололтой.

    Аганистайн агуй – гэдэг нь Афганистаны агуй гэж байгаа мэт.

  2. амарзаяа

    Миний бодлоор “Аганистайн агуй” гэж Мулдашевийн номонд гардаг төвдөд байдаг даянч нар суудаг нууц агуйг хэлсэн байх. Цогт тайжийн амьдрал үйл хэрэг үзэл бодол төвд оронтой нягт холбоотой өрнөж байсан байдаг.

  3. ТН

    Unekheer mundag yum aa. Bidni uvug

  4. Алтка

    Uneheer aguu. Bid ovog deedsee shutehgui bhiin argagui uneheer aguu

  5. Lhagva

    Tuuhiin asar unet dursgal. 1998 gj ymr hun bichsen bol? habgaalaltand avhgui bol duriin neg hun ochood ballaad haychxaar ym gj bodoj bna

  6. отгоо

    Үнэт өв эрдэнэс гэж үүнийг л хэлэх байх.Ийм сайхан баялаг зүгээр л хаа нэгэнтээ байж л байдаг.Бид тэгэхээр үнэхээр үхэр Монгол гэгчээр тэнэг л хүмүүс байх.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.