ЯРУУ НАЙРАГЧ БАЯНЫ ТАШУУР ГЭДЭГ ШҮЛГИЙН ТУХАЙ

Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар бид өмнөх нийтлэлдээ тодорхой өгүүлсэн билээ. Харин энэ удаад тэрээр хятад хэлээр зохиосон “Ташуур” хэмээх шүлгийн ур хийц болоод уг шүлгийг уран зохиол судлаач эрдэмтэд хэрхэн үнэлсэн, орчуулагчид хэрхэн орчуулсан талаар товчхон танилцуулахыг хүссэн юм.
Баян жанжины “Ташуур” гэдэг шүлгийг уншихад эл шүлэг нь өөрийн орон нутаг, уг гарвал, анд нөхөд, унаа хөлөг, зэр зэвсгээ магтан шүлэглэдэг монгол ардын аман зохиолын өгүүлэмжийг эрхгүй санагдуулдаг юм.

Гэвч, уг шүлэгт “ташуур”-ыг аман зохиолын адил хэтрүүлэл, ихэсгэлийг хэрэглэн магтаж бичсэнгүй харин ч “гурван тохой” төдийхөн мэтээр эгэл борогжуун байдлаар дүрслээд, хамгийн сүүлчийн мөрөнд хэдий ийм богино боловч “зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй” хэмээн гол утгыг зангидаж өгсөн нь уг шүлгийн гол амин сүнс буюу уг шүлгийн туйл ба тайлал зэрэг болж байгаа мэт санагдана. Өөрөө хэлбэл, Баян жанжины “Ташуур” хэмээх шүлгийн үүдэл санаа нь монгол аман зохиол, жинхэнэ монгол сэтгэлгээнээс эх үүдэл авч, харин яруу найраг болон биелэхдээ хятад хэлт яруу найргийн ур маяг, гүехэнээр эхлээд гүнзгий утгыг цөөн мөрөнд багтаан төгсгөх буюу “үг нь энд бөгөөтөл санаа нь тэртээ байдаг” яруу санааг агуулсан шүлэг гэж болмоор байна.

Өвөр монголын эрдэмтэн Б.Төмөрбагана “Баян чинсан ба түүний шүлгийн зохиол” гэдэг өгүүлэлдээ, “Баяны энэ шүлэг яриангүй бодисыг зээлж сэтгэлгээгээ уянгалуулсан бүтээл болно. Их цэргийн ялж ялагдах, ариун үйлсийн бүтэх бүрэлдэх цөм түүний гар дахь ташууртай шууд холбоотой. Хялгасын төдий осолдвол л хэмжээлшгүй хохирол сүйдлийг авчирч мэднэ. Иймээс үзэхэд охор бөгөөд хөнгөн боловч энгийн хүмүүс хэрхэн түүнийг тааж чадах вэ. Гэтэл энэ ташуур Баяны гарт атгагдмагц даруй тэнгэр газрыг доргиулсан шидэт хүчээ үзүүлж, ялалтын бэлгэ дэмбэрэл болов. Шүлэгчийн үгийн гаднах уг санаа ташуурт биш гэдэг нь үзмэгц илхэн. Энэ шүлгийг гагц Баян чинсан шиг тийм байр суурь, тийм эрдэм чадвартай хүн, тийм түүхэн нөхцөл байдал доор сая бичин гаргаж чадах юм” /Б.Төмөрбагана, “Баян чинсан ба түүний шүлгийн зохиол”, Хөх хот, 1982/ хэмээн тэмдэглэжээ.

Дамбийпэлжид, Шинг Хан нарын орчуулга:

МАЛИА

Нэг үе нь урт болой, нөгөө үе нь охор
Хэдэн зэрэг дөрөө тогшсоор саруул шөнөөр буцмуй.
Гурван тохой суран ташуур ир мэс үгүй атал
Зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй.

( – Дамбийпэлжид, Шинг Хан, “Эртний монгол зохиолчдын хятад шүлэг дууллын сонговор”, Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2002, 8-р тал)

Б.Буяны орчуулга /Я.Ганбаатарын шинэ үсэгт буулгаснаар/:

ЧИЧҮГЭ /Эртний монгол хэлэнд “ташуур”-ыг ингэж нэрлэж байжээ./

Нэг үе нь урт авч нэг үе нь охор
Нэлээд удаа сарны гэрэлд дөрөө тогшин буцчухуй.
Арай хэмээн гурван тохой ир үгүй авч
Аварга эгнээ зуун түмэн, түүнд удирдуулан захирагдмуй.
(– Я.Ганбаатар, “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол”, Уб., 2007, 37-р тал)

Ч.Ванжилын орчуулга:

ТАШУУР

Үе үе урагш нахилзсан олон монцогт ташуур
Үдшийн сарнаа дөрөө хавиран аян дайнд явмуй.
Алд хүрэхгүй охор ташуурт ир мэс үгүй боловч
Алмас /эрэлхэг/ баатар зуун түмэн, түүний дохилгыг дагамуй.

(– Ч.Ванжил, “Хятадын эртний шүлэг дуулал уянгын сүүмэг”, Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 2006, 128-р тал)

БЭЛТГЭСЭН Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Be Sociable, Share!

5 Comments

  1. light

    Алд хүрэхгүй охор ташуурт ир мэс үгүй боловч
    Алмас /эрэлхэг/ баатар зуун түмэн, түүний дохилгыг дагамуй.-тас хэлжээ

  2. Энхтайван

    хүчирхэг тэнгэрийн ташуур юмаа

  3. Khatanbayar

    Aguu gun utgatai yumaa… Bishirch baina.

  4. Rookie

    tsoon bolovch yanztai goe

  5. MG

    Negen ue urt, negen ue boguni chichugeer
    Nil sarnii gegeend duruu tsohilon tulaldaar odmui
    Ald hurehgui ohor, avah irs ugui bolovch
    Agaa olnii ami tuunii dohilgoos uyatai…

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *