Маруужингийн Диваажин номын зохиолч Энх Ануу-тай ярилцсан хэсэг бусаг хүүрнэл

A: Ямар төрлийн билэг, бүтээлд илүү дуртай вэ? Онол, өөрийн онол юугаар ч тайлбарлаж болно.

Э.А- Багадаа үлгэрт дуртай, шүлэгт дургүй байсан. Одоо нас ахиад шүлэгт их дуртай, үлгэрт арай бага дуртай болчихоод байна даа. Хамгийн гол нь шүлэг нь богино байх тусмаа, үлгэр нь урт байх тусмаа гоё санагддаг юм. Надад онол гэх юм байхгүй дээ. Ер нь өөрөө урсаж гарч байгаа юмны замд нь таарсан бөглөөг арилгаад л суваг цэвэрлэгч хийдэг гэж өөрийгөө боддог.

А: 2004-2006 онд бичсэн шүлгүүд илүү зонхилсон байсан. Тайлбар бий юу? Эсвэл сүүлийн үед залхуу болсон уу?
Э.А- 2004-2006 он бол миний хувьд ДИВААЖИН байсан юм. Тэр үед их яаруу ч байж. Нэг л их орчлонг таних гэсэн хүн. Цаанаасаа л, ямар нэгэн төлөвлөгөөгүй, бас сэдэвгүй үгс цувраад л, яг л бороо шиг асгарч байлаа.  Яараад л шүүрч аваад л цацаад л. Тэгж тэгж нэг их цэгцэрчихээгүй юу. Одоо бол тархины судас нарийсаад тархи толгой гэж нэг хатсан усан үзмийн чинээ юмыг шахаад шахаад дусал ч гарахаа байж. Гэхдээ дахин нэг там ч юм уу диваажин ч юм уу аль нэгий нь бүтээчих хэмжээний  хэдэн хатчихсан юм бий. Жаахан дэвтээх хэрэгтэй.     

А: Шүлэг бичихдээ үг, үеийн сонголтондоо санаагаа тааруулдаг уу эсвэл санаандаа тааруулж үг  үеэ сонгодог уу?
Э.А- Чөлөөтэй, хүссэнээрээ, зоргоороо. Хязгааргүй их эрх чөлөөн дунд гэнэт яваад орчихоор ямар нэгэн сонголт хийх шаардлага байдаггүй юм билээ. Мянга түмэн борооны дусал, аль эсвэл цасан ширхэг алган дээр буухтай л ижил. Хязгааргүйгээс хаялж байгаа тэр их хураас зөвхөн алганы дайтай нь л надаар дамжиж байгаа хэрэг. Ядаж байхад жижигхэн гартай юм даа.

А: Шүлэг тань байгалийн үзэгдэл, тэр тусмаа бороо цас, салхиар дамжин их илэрхийлэгдэж байна. Та байгалийг биширдэг үү?
Э.А- Нийгмийн үзэгдлээр дамжин илэрдэггүйд нь, бас илрэхгүйд нь баярлаж явдаг шүү. Тэгвэл ч жинхэнэ маруужингийн там болох байлаа.  Байгалийн үзэгдэл тэр дундаа бороо, цас, салхинд ямар нэгэн муу муухай зүйл байдаггүй юм шиг санагддаг. Цас бударлаа гээд, бороо шивэрлээ гээд, бас салхи салхиллаа гээд бид тэдэнд ямар нэгэн буруу өгч чадахгүй шүү дээ. Би байгальд дуртай. Байгаль бид хоёр бие биенийхээ мэдрэлээр нэг их оролдолгүйхэн шиг хэн хэндээ өгөө аваатай, наануу цаануутай л яваа.

A: Гуниглах, баярлахын аль нь илүү таашаалтай вэ?
Э.А- Аль алинаас нь ухаарал олж авч байж гэмээнэ хожим хойно таашаал өгөх байх. Энэ хоёрыг харьцуулах боломжгүйн адил эдгээрээс авах мэдрэмжийг ч мөн харьцуулах аргагүй юм. Аль аль нь жаахан жаахан байж байхдаа гэмгүй.

A: Жаахан жаахан нийлээд тал л болж байх шиг байна. Үлдсэн тал нь тэгвэл юу вэ?
Э.А- Баярлах үед хэтэрхий дээшээ нисчих гээд байдаг. Гуниглал харин намайг газарт буулгадаг юм. Тэнгэр газрын завсар дэнжигнэхэд ердөө л жаахан гунигаар өөрийгөө дарж жаахан баяраар хөөргөж байх л хангалттай. Юм ихэдхээрээ дэмий гэдэг. Аль нэг нь ихсээд ирвэл би гэдэг хүн нэг бол нисч үхнэ, эс бол даруулж үхнэ биз.

А:
Хэн нэгнийг чин сэтгэлээс нь баярлуулж үзсэн үү? Өөрөө тэгж баярлаж үзсэн үү?
Э.А- Хүн хэзээ ямагт бүр илүүд тэмүүлж байдаг хойно миний тухайн үед баярлуулж байсан тохиолдлууд хожим нь зүгээр л оролдлогууд байсан юм шиг чамлалттай санагдах үе бий. Гэхдээ хичээсэн болохоор хойшид харамсахгүй байж чадна. Зарим хүн зүгээр л миний хажууд байж байгаа нь, нүдэнд минь харагдаад, намайг сонсож байгаа нь л миний хувьд хамгийн баярламаар зүйл. Харамсалтай нь тэд дэндүү эрт намайг орхиж байна даа. Одоо цөөхөн үлдсэн болохоор тэднийг чадах чинээгээрээ хайрлаж байгаа. Баярлуулж бас л чадахгүй байна даа.

А: Чи навч уу үндэс үү? Үүл үү бороо юу? Нар уу цацраг уу? Яагаад?
Э.А- Би аль аль нь байж үзсэн. Одоо харин маруужин болчихоод байна. Хүн хэн эсвэл юу байхыг хүснэ түүндээ хувирч чаддаг сүнслэг амьтан гэж би боддог. Яг л үлгэрт гардаг шиг ид шидийн. Тэгж байж хувилсан бүхнийхээ хэлээр ярьж бас өөрийгөө ойлгуулж чаддаг болно. Бас л нэг эрх чөлөө юм уу даа.

А: Бидний элээж дуусгах даалгавартай амьдралд үргэлжлэл буюу дараагийн анги бий юу?
Э.А- Бидний амьдарч байгаа яг энэ ертөнцтэй зэргэлдээ орших хувилмал ертөнц байдаг, түүнд нь бид бүгдээрээ байдаг ч эндхийнхээс тэнд арай өөр байдаг байх гэж төсөөлдөг. Бидний толин дахь тусгал гэх юм уу даа. Гэхдээ энд бидний хийж буй үйлийн үрээр тэр ертөнц цэнэглэгддэг гэж ойлгож болно. Өнөөдөр би энд муу зүйл хийхэд тэндхийн би-ийн хүч сулрах жишээтэй. Энэ амьдрал дуусашгүй, зөвхөн зүс л хувирдаг гэж би боддог.

А: Та тэгш тоо юу эсвэл сондгой тоо юу? Эсвэл ямар тоо вэ? Танд үсэг өгвөл та ямар үсэг болмоор байна?
Э.А- Би тоондоо муу. Үсэг гэхээр бас хэцүү. Үсэглэлийн баяраар Э үсэг болоод ээжийн тухай дуу дуулж байхдаа уйлаад баг алж байсан гашуун дурсамж толгойноос салдаггүй юм. Гэхдээ тоо, үсэг аль аль нь орсон х2 их зүгээр санагддаг.

А: Тэгвэл тэгш тоотой Х үсэг (икс)  ч юм уу гэж ойлголоо. Чиний  ертөнцийн цонхоор шүлсээ хаявал хаана буух бол?
Э.А- Чи өөрөө хаяад үз л дээ.

А: Харанхуйд гэрэлтэх гэрэл байсан нь дээр үү эсвэл гэрэл гэгээн дундах толбо байсан нь дээр үү?
Э.А- Харанхуй дундах гэрэлд сохлуулчхалгүй, гэрэл дундах толбонд харалчхалгүй л байж байя. Тэр гэрэл, толбонууд хаа сайгүй байхад би илүү шүү дээ. Толбо тогтдоггүй цагаан хувцастай хар нүдний шилтэй л явж байна биз.

А: Ус гэж юу вэ? Мөс гэж юу вэ? Уур тэгвэл юу вэ?
Э.А- Ус бол хамгийн гоё боломж…хүний амьдралд таарч болох хамгийн сайхан учралууд, хамгийн сайхан хүмүүс, хамгийн сайхан мэдрэмжүүд, гэхдээ бүгд анхных. Мөс бол хоёр дахь боломж. Өөрөөр хэлбэл бидний сонгосон хэв хэлбэр. Аажмаар хэв хэлбэрээ гээн агуулгад шилжин уусахыг уур гэе.

А: Зүүдэнд байдаг хөвгүүний талаар жаахан дэлгэрүүлээч? Бодит хүү юу? Бодит хүнээс урган гарсан хүү юу? Тайлбарлах гэж оролдсон байсан, тэр өөрчлөгдсөн үү?
Э.А- Том болсноос хойш энэ хүү зүүдэнд орж ирэхээ байсан. Бодвол бас  л том болоод эхнэр авсан биз. Энэ бодит хүн биш ээ. Халуураад хар дарахаар л зүүдэнд гэнэт үзэгддэг байлаа. Цаашаа харж суучихаад их зэвүүн ээ. Гэхдээ юм ярихгүй ч хажууд нь суугаад л баймаар тийм тайван байдаг байлаа. Зэрэгцээд суухад нуруу ижил, гэвч царайг нь харах гэж нэг ч оролдоогүй. Айдаг гэх үү дээ. Одоо зүүдлэх нь ч багасчихаж.

А: Энэ дэлхийг шинээр бүтээвэл авч үлдэх зүйлс болон орхих зүйл байвал тэдгээр нь юу вэ? Яагаад?
Э.А- Юуг ч авч үлдэхгүй бас орхихгүй. Шив шинээр л бүтээе. Бүр болохгүй бол зэргэлдээ ертөнцөөс copy paste хийчихнэ биз.

А: Яг одоо ямар зүйл бичиж эсвэл уншиж байна?
Э.А- Юм бичээгүй уджээ. Миний дотор ордог цас бороо намдчихсан. Хагацлын, ганцаардлын, гомдлын, цөхрөлийн  гэх мэт гэнэтийн олон зуун шокноос гарч арай л амжаагүй байна. Удахгүй бичнээ. Гэхдээ одоо бол уншдаг үе минь юм шиг байна. Хүмүүсийн блогийг бас хажуугаар нь Khaled Hossein-ийн A thousand splendid suns зохиолыг эхлүүлээд байна. Афганистанаар л амьсгалаад байна даа.

А: Дахиад бичих үү?
Э.А- Бичнэ л гэж бодоод байгаа. Бодсон ч барьж завдахгүй бэргээд байгаа хэдэн юм бий. Юутай ч жаран хөлт гарч ирэг. Эрвээхэй болог. Тэгж байтал болох байх аа.

А: Aфганистан гэснээс афган яах аргагүй цас бороо намдсан, бүүвгэр, саарал орчлон л доо. Яг одоо юмаа багла, хүргээд өгье гээд нисдэг хивс ирээд хэлбэл юу гэж тушаахсан бол?
Э.А- Афганистан явахгүй ээ. Байгаль нуурын голд байдаг Ольхан аралруу очмоор байна. Үлгэр домог үнэн эсэхийг шалгамаар байна.

А: Эрэгтэй хүн, эмэгтэй хүн, хүүхдийг байгалиар дүрсэлбэл?
Э.А- Хүний орчлон бүтсэн домог өөрөө их сонин. Томоо гэгч галт уул улайсан хайлмагтаад хоёр хуваагдахад дээд хэсэг нь салж тэнгэр өөд, доод хэсэг нь газартаа үлджээ. Дээш одсон нь тэнгэр эцэг болж, доор үлдсэн нь газар ээж болжээ. Тэнгэр, газрын дундах савслагад хүний орчлон бий болсон гэдэг домог байдаг юм. Эрэгтэй хүн тэнгэр, эмэгтэй хүн хөрс харин хүүхэд бол тэнгэр газрын дундах бүх зүйлийн агууламж юм даа. Хүүхдийн гэх тэр л байгальд бид өсч хүн болдог.

А:
Чиний хамгийн эрхэм хуруу аль хуруу вэ? Хамгийн хайртай эрхтэн чинь?
Э.А- Зуун баруун гарын дунд хуруунууд. 😀  Би арван хурууны биш хоёр хурууны бичээч л дээ. Ихдээ л дөрвөн хурууных. Хайртай эрхтэн байхгүй ээ. Бүгдий нь энэ ертөнцөд ирэхдээ түр зээлдчихсэн юм. Ашиглачихаад л буцаагаад өгөхийн хооронд хайрлаад юу шалих вэ.

А: Дэлхий нь дээр үү эрхэс нь дээр үү?
Э.А- Эрхэс нь. Хөндлөнгөөс ажиглах гоё. Бас хязгааргүй эрх чөлөөтэй. Тэгээд ч би од, сар, нар гуравт хайртай юм шиг байгаа юм.

Be Sociable, Share!

8 Comments

  1. zochin

    kkk asuultuud ni ineedtei bolovch hariultuud ni hoorhon yum. nomiig ni unshmaar sedliig lav toruulj chadlaa

  2. Anna

    Aviyaaslag uran buteelch busguid amjilt husiye. Asuultuud ni harin ch mash ih taalagdlaa

  3. Sukhee

    А: Хэн нэгнийг чин сэтгэлээс нь баярлуулж үзсэн үү? Өөрөө тэгж баярлаж үзсэн үү?

    ene asuultad hamt ajildag baihad hulangiin shiree deer neg tom vaar bdag bsan ter tegehdee dandaa chihertei bdag zarimdaa baga tegehdee hooson bish ternees ni yue yue chiher avj ideh goy tegehdee heleed guigaad avdag bsan shu hehe chihert durtaig heleh uu ih bayarlaj bsan shu :d

  4. Suren

    saihan yariltslaga bna, bayarlalaa

  5. jagaa

    Buugiin domogiig unshnaas hoish Olihon aral l yavahiig hamgiin iheer husch bainaa gehdee. hun setgeldee hamgiin saihnaar tusuuldug bolhoor sanaand hurehgui uram hugarhvii gehees aij baina

  6. ganbat

    haha gogo
    mash gogo

  7. ganbat

    gogo gogo gogogo gogogo
    kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

  8. чимгээ

    Асуулт нь ч өвөрмөц,хариулт нь ч бас өвөрмөц /амжилт/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *