Category Archives: Дэлхийн уран зохиол.

Фирдаүси – Шах Намех

Kai_Khusrau_Shahnameh_Met_34.24.5

Фирдаүси 940-1020 он орчим Шах Намех

(Hakim Abu ʾl-Qasim Ferdowsi Tusi)

Гарал үүсэл нь тодорхойгүй Абул Касим Мансур хэмээх нэгний бичгийн нэр нь болох Фирдаүси Перс хэлний түүхнээ хамгийн агуу яруу найрагч, шүлэгч байсан хэмээн нийтээр хүлээн зөвшөөрөгддөг. Хорасан хотноо даруухан газрын эзний гэр бүлд төрсөн хэмээгддэг бөгөөд тэндээ мэдээж хэрэг Исламын урлаг, шинжлэх ухаанаас гадна сонирхолтой нь бас тийм ч түгээмэл, олон нийтийн сонирхлоыг татдаггүй байсан эртний Персийн түүх, уран зохиолоос суралцаж зэгсэн сайн боловсролтой болж авсан байна. Газнийн Шах Махмудын ордонд танигдаж явсаар (өмнөх шүлэгч нь ажлаа эхлүүлж төдөлгүй өнгөрсөн учраас) Персийн түүхийн тухай уртаа гэгчийн найраглалыг дуусгах үүргийг хүлээн авсан.
Бүрэн дуусгасан найраглал Шах Намех буюу “Хаадын шаштир” нь 60,000 сүүл холбосон хошоо мөрүүдээс бүрдэж, Персийн хаадын түүхийн хамгийн эртнийхээс эхлэн Лалын шашин ирэх хүртлэх бүгдийг багтаасан байна. Найраглалын дийлэнх хэсэг нь Зөнч Зороастерийн (Персэд лалын шашин үүсэхээс өмнөх шашныг үндэслэгч) мандал бадралаас эхлээд, эзэнт гүрнийг үндэслэгч Сайрус, Дарий нар, Герегүүдтэй хийсэн дайн, Песрийн язгууртан династуудын мандал бөхөлт, 7-р зууны хагаст задран унасан Сасанидын Вант улсаар дуугавар болж буй түүхийг нэгтгэн бичсэн бичвэр байдаг.
Гэхдээ бид Фирдаүсиг түүхч хэмээн үзэх юм бол түүнээс өмнө төрсөн түүх-бичээчүүдийн (Херодотус, Түсидидэс, Ссума Чиен) нэгэнтэй нь ч ижил байх боломжгүй юм. Түүний бичсэн түүхүүдийн бичлэгийн хэв маяг нь бусад түүхчдиййн бичсэн хэлбэрээсь жишээлбэл: Херодотусын түүхийн бичвэрийн цоглог итгэл дүүрэн чанар, Түсидидэсийн тэнгэрлэг байдал болон Ссума Чиений эмх цэгцтэй зохион байгуулалтын алийг нь үл санагдуулах аж. Энэ нэр дурдсан нөхдүүдээс илүүтэйгээр Хомерийг санагдуулах бөгөөд түүнийг туульч түүхч гэж ойлгож болно. Түүний бичлэгийн онцлог нь тэр чигээрээ хүүрнэл агаад яг л тэр өгүүлэх түүхийнхээ дэргэд нь харж суугаад тэмдэглэсэн мэт эд эс бүрийг үл орхигдуулан дурдах бөгөөд хошин үйл явдлыг ч (онигоо) хүртэл хавчуулан, уран яруугаар шүлэглэн түүхийг бичсэн нь болсон үйл явдлыг “хуурай”-гаар тоочсон бичлэгийг уураг тархинд урсан орох мэт зөөллөсөн байдаг хэмээн өрнөдийн шүүмжлэгчид дүгнэсэн байдаг.

Фирдаусигийн шүлэглэсэн түүхийг хамгаас сонирхолтой болгож байгаа гол зүйлсийн нэг нь бүрэн түүх гэж орчин үеийн шүүмжлэгчид дүгнэдэгээс ч давж гарахуйц бүтээл хийхийг зорьсон бөгөөд түүнийгээ Персийн соёлын хамгийн агуу баатар болох Рустамийн домог мэт баатарлаг үйлсээр төлөөлүүлж амьдруулсан байна. Төгс ханхүү, өндөр ухамсар үзэл бодолтой, дэгжин хээнцэр, уран яруу үг хэлтэй боловч эрэлхэг зоригт, бяр чадал жигдэрсэн дайчин баатар Рустам нь Персийн Гилгамешийн хойд дүр ч гэхэд болохоор, Херкулесийн зарим чанарыг өөртөө шингээсэн бөгөөд хааны ордны сайн багш, зөвлөхүүдээр өндөр хэмжээнд бэлтгэгдсэн зан араншинтай нэгэн юм. Тэрээр Шах Намех-ийн жинхэнэ гол дүр, баатар нь бөгөөд Персиийн дараа дараагийн хаадын дуурайл авахуйц байхуйц үлгэр жишээ гэж хэлж болно.
Фирдауси “Шах Намех”-ээ өөрийн ивээгч Махмуд Шахад зориулсан авч эзэн хаанд өөрийнхөө бүтээлээ танилцуулаад хүртэсэн өчүүхэн шан харамжаас болж урам нь ихээхэн хугарсан байдаг. Бухимдан уурсаж цөхөрсөн тэрээр гар чангатай хаанынхаа талаар шооч шүлэг бичсэн бөгөөд өтөл насандаа гэр бүлийн ферм эрхлэн суух хүртэлээ амьдралынхаа ихэнх цагийг бэдэн явагч шүлэгчийн амьдралаар өнгөрөөсөн байна.
Персийн уран зохиолд Фирдаусийн бүтээлийн ач холбогдолыг хэтрүүлэн үнэлэх боломжгүй юм. Тэрээр үг цөөн ч агуулга талбиун – шад бүрт нягт нямбай, системчлэн сүүл холбож, өндөр хэмнэлтэй шүлэглэл, дүрслэл сайтай өгүүлэмж бүхий шүлгийн цар хүрээг гарган ирсэнээрээ хойч үеийнхээ яруу найрагчдад жишиг тогтоосон. Шах Намех нь Персийн үндэсний сор бүтээл хэмээн өргөмжлөгддөг бөгөөд дөнгөж саяханыг хүртэл эгэл жирийн иргэд ч хүртэл түүнй бүтээлийн томоохон хэсгээс ишлэн ярих нь элбэг байсан аж. Лалын шашнаас өмнөх Персийн яруу алдарыг магтан дуулсанаараа Лалын даяарчлалын өмнөөс Персийн үндэсний соёл уламжлалдаа гүн хүчтэйгээр итгэн үнэмшихэд нь хувь нэмэрээ оруулсан нь эргэлзээгүй юм.

51EFv+EAp0L._SL500_

Төгсгөлд нь хэлэхэд “Шах Намех” нь олон зуун жилийн туршид Персийн хэв маягийг дуурайн дэлгэрүүлэгчид, хуулбарлагчдад дүрслэн илэрхийлэх түүхийнх нь эх үүсвэр болж ирсэн бөгөөд Рустам болон түүний хүлэг баатруудыг одоо ч хүртэл энэхүү бүтээлээр дамжуулан дүрслэн төсөөлөн зурсаар байдаг. “Шах Намех”-ийн дүрслэлт хувилбарын хамгийн шилдэг сор бүтээлийг 16-р зууны эхээр Тахмасп Шах санхүүжүүлж бүтээлгэсэн байдаг бөгөөд дэлхийн урлагийн хамгийн агуу сор бүтээл болсон энэ дүрслэлт ном нь одоо Нью Йорк хотноо Метрополитан Урлагийн Музейд хадгалагдаж байна. Монголоос бусад хөгжингүй орнуудын томоохон номын сан эсвэл музейн номын санд орвол энэ бүтээлийн хуулбарыг олж үзэж боломжтой бөгөөд хуулбарыг Houghton Shah Nameh гэсэн нэрээр хайж олох боломжтой. 1972 онд “Хаадын тухай Хааны Ном” хэмээх энэхүү тансаг бүтээлийг Метрополитаны Музейгээс эрхлэн хэвлүүлсэн бөгөөд харагдац болон мэдрэхүйн хувьд гайхамшигт эх хувьтай нь аль болохоор ойртуулахыг хичээсэн байдаг. “Шах Намех”-ийг уншсаны дараагаар энэхүү хуулбар хувийг олж үзэх юм бол  Фирдауси-гийн төрөлх газар шороо, эх орноо хайрлан хүндэлж, эрхэмлэн дээдэлдэгийг та уншин өөрөө мэдрэх болноо.

Stray Questions: Солонго

4242_79162338431_682403431_1728366_2489149_n

Stray Questions булангийнхаа ээлжит зочноор энэ удаад саяханаас өөрийн гэсэн өвөрмөц онцлоготой нэгэн сонирхолтой блогийг хөтөлж эхэлсэн Cолонгоoг урьж байна. Монгол, Франц, Англи, Испани 4 хэл дээр блогоо бичдэг түүний Барууны–ялангуяа Франц, Америкийн–урлаг, утга зохиолтой сайтар танилцсан нь түүний гоо зүйн өндөр мэдрэмжээс шууд харагдана. Тэр ч утгаараа уншигчдад маань түүний үзэл бодол сонирхолтой санагдах байх аа. Бидний хүсэлтийг хүлээн авч асуултуудад маань дэлгэрэнгүй хариулсан Солонгодоо баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Хамгийн сүүлд Милан Күндэрагийн The Joke-ийг уншсан. Харин одоо Франсис Фукуяамагийн The End of History and the Last Man-ийг уншиж байна.

2. Интернэтэд өдөрт хэр их цагийг өнгөрөөдөг вэ? Үүгээрээ та цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна гэж үздэг үү аль эсвэл дэмий зүйлд зарцуулж байна гэж боддог уу?

Ажлын өдрүүдэд интернэтэд ойролцоогоор 8 цаг өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдээр аль болох суухгүй байхыг хичээдэг. Юутай ч тэрхүү цагийг би үр бүтээлтэй өнгөрөөдөг гэж боддог. Учир нь: (1) Интернэт миний ажлын салшгүй хэсэг; (2) Онлайн сонин сэтгүүл, блог надад шинэ мэдлэг, мэдээлэл олж авах хамгийн чухал эх үүсвэр болдог. Тэр ч утгаараа миний хамгийн их ордог вэбсайт бол Wikipedia байх–үргэлж нэг сэдвээс нөгөө рүү дамжаад л уншаад байдаг. Үүний дээр Facebook-д өөрийн эрхгүй нэлээн их цагийг өнгөрөөдөг. Харин саяханаас блог хөтөлдөг болсон. Даан ч үүнийг үр бүтээлтэй зүйл эсэхийг хэлж мэдэхгүй юм.

3. Таны гэрийн номын санд голцуу ямар номууд байдаг вэ? Тэд нарынхаа дунд сууж байхад юу бодогддог вэ?

Гэрт маань ерөнхийдөө аав ээжийн л номууд байдаг. Миний хувьд бол хотынхоо номын сангаас номоо авч уншдаг юм. Харин яг одоогоор хөдөлгөөн ихтэй, нүүдлийн байдалтай байгаа учир ном зөөж явахаас төвөгшөөн худалдаж авахаас аль болох зайлхийдэг болоод байгаа. Ер нь бид нар шиг оюутан хүмүүст явж явж электрон ном хамгийн тохиромжтой юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч номын хуудасны тусгай үнэр, хэлбэр үзэмжийг ямар ч технологийн дэвшил орлож чадахгүй биз ээ.

Гэхдээ мэдээж байр сууцтай болхоороо өөрийн гэсэн номын санг бүрдүүлнэ. Тэр мөрөөдлийн номын санд маань La Pléiadeийн бүх номууд, мөн уран зураг, уран баримал, интерьер дизайн ба архитектурын номууд хамгийн их зай эзлэх болно. Мөн эдгээрийн дээр хэдэн сайн толь бичгүүд, философийн тайлбар номуудаас гадна Монголын уран зохиолын сонгодог болон орчин үеийн бүтээлүүд томоохон зай эзлэх нь дамжиггүй.

Дашрамд дурьдахад, миний ганц харамсаж явдаг зүйл бол Монголын одоогийн чухал шилжилтийн үед хүмүүсийн амьдралд гарч буй өөрчлөлтүүд болон улс төр, эдийн засгийн байдлын тухай–миний мэдэхээр–ном бичигдэхгүй байгаа явдал юм. Сонинд бичиж байгаа сэтгүүлчид яг болсон үйл явдал, арга хэмжээ, хууль тогтоолыг “ховлож” бичихээс цаашгүй, анализ хийх тал дээр их дутагдалтай байгаа санагддаг. Харин намайг номын сангаа бүрдүүлэх үед ийм номууд хэвлэгдсэн байгаасай даа хэмээн хүсч явдаг юм.

Эмили Дикинсон (1830–86) Бурхан бялзуухай бүрт талх хайрласан…

Эмили Дикинсоны бас нэгэн шилгийн орчлуугыг хийлээ. та бүхэн сэтгэгдэл, шүүмжээ харамгүй хуваалцана уу. Өмнө нь хийгдэж байсан орчуулгыг энэ холбоосоор үзнэ үү. Үхлийг хүлээн зогсож чадаагүй учир

Emily Dickinson (1830–86)

GOD gave a loaf to every bird,
But just a crumb to me;
I dare not eat it, though I starve,—
My poignant luxury
To own it, touch it, prove the feat 5
That made the pellet mine,—
Too happy in my sparrow chance
For ampler coveting.
It might be famine all around,
I could not miss an ear, 10
Such plenty smiles upon my board,
My garner shows so fair.
I wonder how the rich may feel,—
An Indiaman—an Earl?
I deem that I with but a crumb 15
Am sovereign of them all.
БУРХАН бялзуухай бүрт талх хайрласаан…
Бурхан бялзуухай бүрт талх хайрласаан…
Бяцхан үйрмэг л надад өгсөн.
Өлөн ходоодоо баярлуулсан
Өнчин болжморын тавиландаа хөөрөхдөө
Үйртэс минийх болсон хувь зохиолыг
Үнэмшиж, өмчилж, хүртэхийн
Өлсгөлөн тансаглалдаан автан
Үмхэлж зүрхлэсэнгүй тул – зэлмүүхэн явдаг би.
Магад өлбөрөл хаа сайгүй ноёлох ч
Миний эргэнэг дүүрэн байна
Инээд хөөр ширээ хүрээлэн буй нь
Их багагүй бүгд сонсогдон сууна.
Худалдаачин – Язгууртан? – баячуудын
Хэрхэн мэдэрч буйг хэлж би мэдэхгүй авч
Үртэсхэн төдийг хүртсэн ч би бээр
Үлдсэн бусдаас илүү тэнгэрлэгээ мэдэрлээ.

Рэнэ Декарт 1596-1650

“Аргын талаарх хүүрнэл”

Түүний ном бүтээл дэлхийг өөрчлилсөн 10 номын нэгд ордог, тоо, физик, гүн ухаан гээд түүний бүтээл, ухааны үзүүр хүрээгүй салбар цөөн, гэхдээ тэр хэн байсан бол, ямар зохиол нь хамгийн агууу вэ? Хамтдаа энэ талаар ярилцая.

Декартыг “орчин цагийн философийн эцэг” хэмээн олонтаа үзэх нь бий. Хэдийгээр тэгж үзэхгүй байж болох тохиолдол байх ч түүний зохиол нь яах аргагүй уншууртай тансаг найруулгай байхаас гадна өөрийн тайлбарласан, жишээлсэн эх сурвалждаа математик гаргалгаа гарган тодорхой болгож өгсөн байдгаараа уншигчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Continue reading

Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (III хэсэг)

Суутнуудын хүүхдүүдийг тэнгэр ивээдэг

Шагналтаны хүүхдүүд шагналтан болсон долоон тохиолдолыг түүх мэддэг билээ. Мөн гэр бүлийн хос шагнагдсан гурван тохиолдол байдаг.

Пьер Кюри, Мария Склодовская Кюри гэсэн алдартанууд хамгийн алдартай нь яриангүй мөн. Энэ эхнэр нөхөр хоёр 1903 онд “цацраг идэвхит үзэгдлийг судалсаныхаа төлөө” физикийн салбарт шагналхүртсэн бтлээ. Тэд зөвхөн шинжлэх ухаанд нээлт хийгээд зогсоогүй, бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхийн тулд үнэхээр шантралгүй зүтгэсэн юм. Пьер, Мария хоёр дөрвөн жилийн турш хөсөр хаягдсан, хаагуураа л бол хаагуураа салхи нэвт үлээсэн саравчин дотор хэдэн тонн ураны хүдэр боловсруулан байж граммын аравны нэг доли хэмжээний цэвэр цацраг анх удаа гарган авсан аж.  Мария түүхэнд анхны эмэгтэй шагналтан болсон юм. Харин тэрээр 1911 онд хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг хүртсэн бөгөөд энэ удаад химийн салбарынхыг хүртжээ. Тэрээр зөвхөн уг шагналыг хоёронтаа хүртсэн анхны хүн болоод зогсоогүй, өнөөг хүртэл цорын ганц хоёр удаагийн шагналтан хэвээр байгаа билээ. ( Дашрамд дурдахад, уг шагналыг бий болгосноос хойшхи 106 жилийн хугацаанд физикийн салбарт 180 гаруй эрдэмтэн шагнагджээ.

Continue reading

Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (II хэсэг)

Шагнагдаагүй сонгодог зохиолчид

Шагнал хүртээгүй хүмүүсийн дотор Жеймс Жойс, Марсель Пруст зэрэг дэлхийн утга зохиол дахь бүхэл бүтэн чиглэлийг үндэслэсэнхүмүүс, ХХ зууны хамгийн сонгомол зохиолчид байв. 1922 үнд Жойсын бичиж нийтлүүлсэн “ Улисс “ бол дараачийн бүх үргэлжилсэн үгийн зохиолд, тэр бүү хэл, утга зохиолын онолд яриангүй нөлөө үзүүлсэн билээ. Прустын “ Алдсан цагийн эрэлд “ нэртэй алдарт цуврал бүтээл нь өнгөрсөн зууны зохиолчидын лоонхийн нь уран бүтээлд тусгалаа олсон юм. Гэтэл Пруст 1919 онд Гонкуровын шагнал хүртэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөсөө хойш ердөө гуравхан жил амьдарчээ.(Дашрамд хэлэхэд, түүний романууд зохиолчийн нас нөхцөснөөс хойш 5 жилийн турш хэвлэгдсээр байжээ). Нобелын хороо утга зохиолд Прустын оруулсан хув нэмрийн бүхий л ач холбогдолыг үнэлж цэгнэж амжсангүй. Харин Жойс “Улисс” –аа туурвин гаргаснаас хойш 19 жил амьд мэнд байж, 1941 онд нас нөхцажээ. Гэтэл Шведэд энэ сонгомол зохиолчийг  яагаад “анзаараагүй” юм бол? Заримдаа уналтын домогт дуун хэмээн нэрлэгддэг байсан түүний романы гоо сайхны чиглэл Стокгольмд таалагдаагүй гэсэн яриа ч гарчээ. Тийм эсэх нь бүү мэд, гэхдээ өнгөрсөн зууны хамгаас том  нэг сонгомол зохиолчийг Нобелийн хороо тийнхүү Толстойн нэг адилаар анзааралгүй өнгөрүүлчихжээ. Continue reading

Charlie Rose: Writers on Writing

show

Америкт хамгийн олон хүн үздэггүй юм аа гэхэд хамгийн нэр нөлөөтэй ярилцлагын нэвтрүүлэг бол яах аргагүй Charlie Rose. Асуудлын голыг гярхай олж харж, ямар ч хүнийг нүд рүү нь харж байгаад чин үнэнийг сэтгэлээс нь хэлүүлж чаддаг түүний нэвтрүүлгүүд миний мэдэхийн хамгийн мундаг нь. Тиймдээ ч дэлгэцээр гарахаас аль болох дөлдөг олны танил хүмүүс Чарли Рөүзийн нэвтрүүлгийг зорьж очин ярилцлага өгдөг. Энэ удаад түүний орчин цагийн сор болсон зохиолчидтой хийсэн ярилцлагуудаас нь түүвэрлэсэн Writers on Writing цуглуулгийг танилцуулж байна (харин энд яагаад ч юм Орхан Памукийн ярилцлага багтаагүй байна) . Salman Rushdie-гээс авхуулаад Margaret Atwood, David Foster Wallace гээд ийм олон алдартай зохиолчдийн ярилцлагууд нэг дор байхыг зөвхөн эндээс л олж болно.

Charlie Rose-ийн албан ёсны хуудас – эндээс бүх нэвтрүүлгийг нь үнэгүй үзэж болно, бараг 4000 цагийн материал бий
YouTube дээрх суваг
Google Video дээрх архив – эндээс нэвтрүүлгүүдийг нь үнэгүй татаж авч болно Continue reading

Stray Questions: Дөлгөөн

n14100489_30510387_54041

Хэсэг хугацаанд завсарласны эцэст манай блогийн Stray Questions булан маань үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа намайг урмаар дэмжиж, санаагаар хурцалж байдаг эртний анд Баасандаваагийн Дөлгөөнийг урьж байна. Хоногийн 25 цаг ажилладаг болов уу гэмээр түүнийг манай интернэт хэрэглэгчид блогоор нь андахгүй байх. Африкийн ширэнгэ, Албионы арал, Шинэ-Английн гол мөрөн гээд түүнд яваагүй газар, гатлаагүй ус ховор. Эх орон, нутаг нэгтнүүдийхээ төлөө өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зориулахаар шийдсэн Дөлгөөндөө бидний асуултуудад зав гарган хариулсанд талархалаа. Дашрамд дурьдахад түүний хэсэг нөхдийн хамтаар орчуулсан Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал” ном удахгүй хэвлэгдэх юм байна.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

За сүүлд Кафкагийн Шүүх Хурал гээч номыг унших шив дээ. Үнэхээр ойлгосон гэж худлаа яриад яахав. Гэхдээ хүнд элдэвийг бодогдуулж, үнэндээ энэ амьдарлын утга учрыг, өдөр тутам хийж байгаа үйлдэл, зориж байгаа мөрөөдөл гээд олон зүйлийг эргэж харуулсан даа. Уг номон дээр гардаг ноён К.-ийн амьдрал шиг бидний амьдрал үнэндээ утгатай гэхэд хэцүү, бас байнга л дарамт нүүрлэж байдаг. Хамгийн амирлангуйгаас авахуулаад хамгийн “hectic” хүмүүсийн хэн ч амьдарлыг амархан гэж хэлж зүрхлэхгүй байх. Гол нь эдгээр бэрхшээл, зовлон, асуудал бүрд хүн зохицож шийдвэр гарган цааш урагшлах нь гоё юм даа. За ингээд цааш яриад байвал ч зөндөө л юм байна. Continue reading

Сун-Цу: Ойролцоогоор МТӨ 450 – 380

Хятадын түүхэн кинонууд, сэлэм эргэлдүүлсэн баатрууд “бүгд нэг тэнгэрийн дор” хэмээх сургаал мөрдлөг, түүнийг одоогийнхонд хүргэхээр зорьсон Хятадын соёлын бодлого зэргийг бид сүүлийн үед ихээхэн үзэх болсон билээ. Тэрхүү түүхийн учир шалтгаан учгийн гол хүн, уран зохиолын бүтээлийг энэ удаа та бүхэнд хүргэе гэж бодлоо.

Дайны урлаг

Насаар Күнзээс арайхан залуу боловч түүнтэй ойролцоо үеийн Хятадын түүхийн бодит төлөөлөгч гэхээс өөрөөр Сун-Цугийн талаарх мэдээлэл тун бага юм. Түүний нэр нь Сун Ву (Цу гэдэг нь Багш гэсэн өргөмжлөн хүндэтгэсэн дагавар) бөгөөд эртний түүхэнд тэмдэглэж үлдээснээр бол Жоу Династийн мөхөж байх цаг үе дэх Хятадын задрал бутрал болох “Дайсагнасан улсуудын үе”-ийн нэг эсвэл олон вант улсуудын нэгэнд нь цэргийн гарамгай генерал, дайны төлөвлөгөө боловсруулагч нэгэн байсан аж. Түүний нас барснаас хйош хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор МТӨ 4-р зууны эхнээс дунд үед дагалдагчид нь түүний сургаалаас санаж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. Дайны Урлаг нь Күнзийн “Түүврүүд”-ийг бодвол илүү нэгдмэл, номлолын хувьд өөр хоорондоо учир шалтгааны хувьд холбоос сайтай. Continue reading

Stray Questions: Туяа

211038256img

Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа. Continue reading