The Nobel Prize in Literature 2008

2008 оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтнаар Францын зохиолч Жан-Маги Густавь Ле Клезио (Jean-Marie Gustave Le Clézio) дөнгөж сая тодорлоо. Нобелийн Хорооны мэдэгдэлд дурьдсанаар Ле Клезио нь “шинэ гарц, уран яруу адал явдал, тааламжтай хөөрлийг эрэлхийлэгч зохиолч бөгөөд өнөөгийн соёл иргэншлээс гадна болон доор орших хүмүүнийг нээн илрүүлэгч” аж. Энэ нь нэг ёсондоо амьдралынхаа ихэнх цагийг аялж, тэр явцдаа үзэж харсан, анзаарсан зүйлс дээрээ тулгуурлан зохиол бүтээлээ туурвидаг түүний уран бүтээл дэх алдагдсан соёл хийгээд шинэ оюун санааны бодот байдлыг араас эрэлхийлэх хүсэл эрмэлзлийг нь үнэлсэн гэсэн үг.

Нөгөөтэйгүүр “Франц Улс, франц хэл, франц хэлтний ертөнцөд үзүүлж буй хүндлэл боллоо” хэмээн Францын ерөнхийлөгч Никола Сарькозигийн тодорхойлсон энэхүү шагнал нь Нобелийн шагнал үнэхээр бодот шүүлтийн үр дүнд очих ёстой эзэндээ очив уу гэсэн томоохон маргааныг дэгдээж орхив. Үүний учир нь дээрх видео дээр шагналын эзнийг зарлаж буй Шведийн Академийн байнгын нарийн бичгийн дарга Хорас Энгдалийн “Америкийн утга зохиол дэндүү тусгаарлагдсан, дэндүү явцуу” хэмээсэн мэдэгдэлтэй холбоотой. Томас Пинчон, Филип Рот, Жон Апдайк, Кормак Макарти, Жойс Кэрол Оүтс мэтийн утга зохиолын ланжгаруудаа Нобелийн шагналгүй хоцорчих вий хэмээн эмээсэндээ Америкчууд Энгдалийн мэдэгдлийг эрс эсэргүүцэж сүүлийн 15 жил зориудаар нэг ч Америк зохиолчид шагнал олгохгүй байна хэмээн шүүмжилсэн юм. Харин энэ удаагийн Нобелийн шагнал Франц зохиолчид очсон нь үүнийг баталчих шиг боллоо.

Юутай ч утга зохиол сонирхогч хэн бүхэн Ле Клезио гэсэн зохиолчийн бүтээлийг номын сандаа залах хэрэг гарах нь 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *