Tag Archives: Хятад хэл дээрх Монгол шүлгүүд

ЯРУУ НАЙРАГЧ БАЯНЫ ТАШУУР ГЭДЭГ ШҮЛГИЙН ТУХАЙ

Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар бид өмнөх нийтлэлдээ тодорхой өгүүлсэн билээ. Харин энэ удаад тэрээр хятад хэлээр зохиосон “Ташуур” хэмээх шүлгийн ур хийц болоод уг шүлгийг уран зохиол судлаач эрдэмтэд хэрхэн үнэлсэн, орчуулагчид хэрхэн орчуулсан талаар товчхон танилцуулахыг хүссэн юм.
Баян жанжины “Ташуур” гэдэг шүлгийг уншихад эл шүлэг нь өөрийн орон нутаг, уг гарвал, анд нөхөд, унаа хөлөг, зэр зэвсгээ магтан шүлэглэдэг монгол ардын аман зохиолын өгүүлэмжийг эрхгүй санагдуулдаг юм.

Гэвч, уг шүлэгт “ташуур”-ыг аман зохиолын адил хэтрүүлэл, ихэсгэлийг хэрэглэн магтаж бичсэнгүй харин ч “гурван тохой” төдийхөн мэтээр эгэл борогжуун байдлаар дүрслээд, хамгийн сүүлчийн мөрөнд хэдий ийм богино боловч “зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй” хэмээн гол утгыг зангидаж өгсөн нь уг шүлгийн гол амин сүнс буюу уг шүлгийн туйл ба тайлал зэрэг болж байгаа мэт санагдана. Өөрөө хэлбэл, Баян жанжины “Ташуур” хэмээх шүлгийн үүдэл санаа нь монгол аман зохиол, жинхэнэ монгол сэтгэлгээнээс эх үүдэл авч, харин яруу найраг болон биелэхдээ хятад хэлт яруу найргийн ур маяг, гүехэнээр эхлээд гүнзгий утгыг цөөн мөрөнд багтаан төгсгөх буюу “үг нь энд бөгөөтөл санаа нь тэртээ байдаг” яруу санааг агуулсан шүлэг гэж болмоор байна. Continue reading